Хоёр толгойг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах талаар гэрээ байгуулахаар Засгийн газарт УИХ зөвшөөрөл олгож ажлын хэсэг гарган ажилласан. Уг гэрээ хэлэлцээрийг амжилттай хийхийн тулд манай улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын харилцаануудыг зохицуулах эрх зүйг боловсронгуй болгохгүйгээр энэ асуудал өгөөжөө өгөхгүй гэдгийг "Оюутолгой, Тавантолгой" иргэний зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэв. Тэд дээрх хууль тогтоомжуудыг шинэчлэхгүйгээр Монгол Улсын эрх ашигт нийцсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ" болохгүй гэдгийг УИХ, Засгийн газарт албан ёсоор мэдэгдэхийг хүссэнээ тайлбарлав. Гэхдээ УИХ, Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хэмжээнд харилцан ойлголцож байгаа нь сайн хэрэг болохыг онцлов.
Хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ хэлэлцээрийн явцад "Оюутолгой, Тавантолгой" иргэний зөвлөлөөс гаргаж тавьсан шаардлагуудын дагуу 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн дур мэдэн хийсэн засваруудын зарим хэсгийг УИХ-аас албан ёсоор хүчингүй болгож байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн, хөрөнгө оруулагч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх талаарх заалтыг гэрээ хэлэлцээрт баримтлахгүй болохыг Засгийн газрын ажлын хэсэг албан ёсоор илэрхийлж байгаа.
Гэрээний голлох хэсгүүдийг зохицуулах Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын холбогдох заалтыг УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэн өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ. Үүнд Иргэний зөвлөл талархлаа илэрхийлэв. Гэвч дээрх үр дүнгээ улам бататган цаашилбал уул уурхай, ашигг малтмалын салбарт хийгдэх аливаа гэрээ хэлэлцээрийг авч үзэх ёстойг Иргэний зөвлөл шаардав. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр "Айвонхоу майнз Монголиа инк" компанийнхантай "Оюутолгой, Тавантолгой" Иргэний зөвлөлийн удирдлага уулзаж ярилцсан байна. Ингэхдээ тус зөвлөлийнхөн "Айвонхоу майнз Монголиа инк" компанийн удирдлагад 13 асуулга тавьсан аж. Үүний хариуг тус компанийн удирдлага нэг хоногийн дараа Иргэний зөвлөлийн тэргүүн С.Ганбаатарт албан тоотоор хүргүүлжээ.
Харин компанийн зүгээс хамааралтай бичиг баримтыг сонирхохыг хүсвэл "Оюутолгой, Тавантолгой" Иргэний зөвлөл гурваас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон удирдлагатай уулзаж болохыг мэдэгдсэн байна. Түүнээс биш компанийн бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулж байгаа учраас дээрх материалаа хувилан тараах боломжгүй гэдгээ "Айвонхоу майнз Монголиа инк" компанийн дэд ерөнхийлөгч Лейтон Крофт мэдэгджээ. Мөн нэг хувийг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод илгээсэн болохоо дурьджээ.