Monday, February 16, 2009

Д.Зоригт: Тодорхой хугацааны дараа Монголчууд 50 хувиа эзэмшинэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд хоёр толгойн гэрээний хувилбарыг танилцуулсан, Эрдэс баярлаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос уг гэрээний талаар дараахи асуултад хариулт авлаа.

-Таван толгой, Оюу толгойн гэрээний хувилбарыг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Энэ хувилбар эцсийнх байсан уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, шаардлагатай бол дахин Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Ер нь гэрээний төсөл үндсэндээ бэлэн болсон гэж хэлж болно. УИХ-аас өгсөн удирдамжийн дагуу тодорхой асуудлыг тусгасан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудал хэлэлцсэний дараа гэрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.

-Эзэмших хувийн тухайд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсан байх?
-Агуулгын хувьд 34+16=50хувь гэсэн үг. Гэхдээ тодорхой хугацааны дараа энэ хувьд хүрнэ. Мөн урьдчилсан төлбөр авна гэсэн байгаа шүү дээ. Урьдчилсан төлбөрийг үе шаттайгаар гарын үсэг зурснаас хойш авч эхлэхээр тохиролцоонд хүрлээ.

Цаашид УИХ-ын удирдамжид заасны дагуу монголын тал хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөх асуудлыг тусгасан байгаа. Мөн энэ удирдамжид заасны дагуу байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох гэсэн тодорхой заалтууд дээр ажлын хэсэг саналаа Засгийн газарт танилцууллаа.

-Тэгэхээр "Айвенхоу майнз" компани 50 хувийг зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Нэлээд хугацаа өргөсний дараа 50 хувь болохоор харилцан тохиролцсон. Гэхдээ одоогоор манай тал 34 хувь гэж тохиролцлоо.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Оюу толгойн асуудал орж амжих болов уу?
-Өргөн барихаар бид ажиллаж байна. Мэдээж тодорхой үе шат, журамтай. Эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа дахин Засгийн газарт асуудлыг оруулна. Эдгээр үе шатыг дуусгасны дараа өргөн барихаар ажиллаж байна даа.

-Тавантолгойн асуудал юу болж байгаа вэ?
-Тавантолгойн асуудал үндсэндээ дуусч байна.
Зөвлөхүүдийг нь авсан байгаа. 10 гаруй компанитай санал бодлоо хуваалцсан. Мөн Тавантолгойн асуудлаар техникийн зөвлөлтэй болж байгаа.

Уурхайн техникийн нөхцөл ямар байх юм, хувааж болох эсэх зэрэг олон асуудлыг шийдэх үүднээс техникийн зөвлөгч нэг компанийг сонгож авч байгаа.

-Урьдчилгаа төлбөрийн тухайд?
-Урьдчилгаа төлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсны дараа ярья.