Saturday, February 14, 2009

Чоно борооноор гэгч болж байна

Анод банкинд 2008 оны 12 сарын 10-наас Банкны тухай хуулийн 33-р зүйлд заасны дагуу банк төлбөрийн чадваргүй болж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ болох онцгой дэглэмийг тогтоосон билээ. Онцгой дэглэм нь банкийг төлбөрийн чадваргүй болохоос урьдчилан сэргийлж, банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэх зорилготой байдаг.

Гэвч МБ-ны БЭТ-ийн зөвлөлийн гишүүд энэ хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна. Банкны үйл ажиллагааг сайжруулахын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна. БЭТ-ийн зөвлөлийн гишүүд нь арилжааны банкны үйл ажиллагааны талаар ямар ч мэдлэггүй, хуучны хоцрогдсон, бүдүүлэг сэтгэлгээтэй, орчин үеийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ямар ч ойлголтгүй байгаа учраас манай банкны үйл ажиллагааг хэвийн болгох ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Тэдэнд мэргэжлийн ур чадвар байхгүйтэй адил банкны үйл ажиллагааг хэвийн болгох сэтгэл өчүүхэн ч алга. Бүрэн эрхт төлөөлөгч биш харин дампуурахад бэлэн болчихсон банкин дээр ажиллаж байгаа Эрх хүлээн авагч шиг ажиллаж байна.

БЭТ-ийн зөвлөлийн гишүүдийн цалинг Монголбанкнаас тогтоож, зардал нь тухайн банкнаас гардаг. Банкны үр ашиггүй зардлыг бууруулах зорилготой байж Монголбанкнаас эдгээр хүмүүсийн цалинг 4-5 сая төгрөгөөр тогтоож өгсөн байна. Мөн цалингаас гадна унаа, утас, цайны зардалд хэтэрхий өндөр зардал гаргаж байна.

Онц байдал зарласан өдрөөсөө эхлэн зүй бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Банк төлбөрийн чадварын түр алдагдалд орж бэлэн мөнгөний хомсдолд орсон, үйл ажиллагаа бага зэрэг доголдож эхэлсэн байсан болохоос дампуурах хэмжээнд хүрээгүй байсан. Гэтэл хэвлэл мэдээлийн бүх хэрэгслээр банкны талаар худал мэдээллийг өгч, манай харилцагч, үйлчлүүлэгчдэд, цаашлаад нийгэмд маш буруу ойлголт төрүүлсэн. Мөн банкны ашиг олох бүх үйл ажиллагааг хааж, аль болох их алдагдалтай болгох зорилготой ажиллаж байна.

Харилцагч нарын данснаас зарлага гаргах эрхийг хорьж, мөнгийг нь өгөхгүй зориуд хүндрэл учруулж байгаад мөнгөө авах гэсэн харилцагчдаас мөнгөн дүнгийн 5-10%-тай тэнцэх хэмжээний авилга авч байж мөнгийг нь олгосон талаар олон харилцагч нар бидэнд хэлж байсан. Ялангуяа Солонгос, Хятад гэх мэт гадаадын харилцагчдаас илүү өндөр дүнгээр авч байсан тухай харилцагч нар гайхан хэлж байсан. Харилцах дансандаа байгаа мөнгөө авах хүсэлт тавьсан харилцагчидтай зүй бусаар харьцаж, “Дампуурсан банкнаас та нар мөнгөө олж авч чадахгүй, чаддаг юм бол тэр шоронд байгаа захирлуудаас нь очиж авахгүй юу” гэж манай ажилтнуудын хажууд загнадаг байсан. Нөхцөл байдлыг зориуд ингэж хүндрүүлж, харилцагч нарыг аргагүй байдалд оруулж байгаад дансанд байгаа мөнгөнийх нь тодорхой хувиар шимтгэл төлөхийг зөвшөөрүүлээд, данснаасаа зарлага гаргах эрхийг бичгээр өгч байна.

Мөн зээлдэгч нарын нэрийг нь хараад, зээл төлөх графикийг нь үл харгалзан, төлөх хугацаа нь болоогүй байгаа зээлүүдийг ангилал бууруулснаар барахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг найдваргүй зээлдэгч мэтээр зарлан манай харилцагч нарын бизнесийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Зарим зээлдэгч нартай тохиролцон зээлийг нь ямар ч найдваргүй болгон, эрсдэлийн сангаас хааж, тухайн зээлдэгчийг зээл төлөх үүргээс нь чөлөөлөн, үүнийхээ төлөө өндөр дүнгээр авилга авсан талаар мэдээллийг Си1 телевизийн “Фокус” мэдээгээр ярьж байхыг сонссон. Энэ мэдээллийн баттай эсэхийг бид сайн мэдэхгүй байгаа бөгөөд ийм зүйл болсон байх магадлалтай. Их хэмжээний зээлийг ангилал бууруулан эрсдэлийн сан байгуулах тусам банкны алдагдал улам өсөх учраас зээлийн ангилал бууруулах журмыг зөрчин ангилал бууруулж байлаа.

Үүнээс гадна хүний нөөцийн бодлогыг хэт гажуудуулан хууль бусаар олон тооны ажилтнуудыг хоморголон ажлаас халж, манай ажилтнуудын эрх ашигт бүдүүлгээр халдаж байна. Үүнийгээ банкны зардлыг бууруулж байгаа гэж тайлбарласан бөгөөд банк цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах эсэхийг тодруулахад “Банк хэвийн ажиллана” гэсэн хариу өгсөн. Хэрвээ банкийг цаашид үнэхээр хэвийн ажиллуулах юм бол энд хүний нөөцийн бодлогоо зөв тодорхойлж, мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, шилдэг ажилтнуудаа авч үлдэх ёстой баймаар. Энэ банкны 500-аад ажилтны цаана ийм тооны өрхийн амьдрал, цаашлаад олон хүний хувь заяа байгаа гэдгийг үл харгалзан, буруу шийдвэр гаргаж байна. Банкинд олон жил ажилласан, албан тушаал ахиж, тухайн шинэ албан тушаал дээрээ туршилтын хугацаанд ажиллаж байсан ажилтнуудыг туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэдэг шалтгаанаар, мөн жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудыг орон тооны цомхотгол, эсвэл хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэсэн шалтгаанаар хоморголон халж байгаа нь хууль бус үйлдэл гэж бид үзэж байна. Мөн банкны нэр дээр байдаг 9911, 9909-тэй дугааруудыг хүчээр хааж, утасны дугаараа авахыг хүссэн ажилтнуудад зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу 700000 төгрөгөөр худалдаж ав гэсэн шаардлага тавьж байгаа нь үнэхээр байж боломгүй бүдүүлэг үйлдэл.

БЭТ-ийн буруу үйл ажиллагаанаас шалтгаалан харилцагч нарын банкинд итгэх итгэл улам алдарч, хадгаламж эзэмшигчид мөнгөө татан, зээлдэгч нар зээлээ төлөхдөө их хойрго ханддаг боллоо. Үүний улмаас төр батлан дааж хадгаламж эзэмшигчдэд төлсөн мөнгө нь эргэж орж ирэх боломжгүй болж, улсад их хэмжээний хохирол учрах болоод байна.



http://anodbank.blog.gogo.mn