
Өнөөдөр манай банкны талаар дэгдээд байгаа дуулианы талаар яг үнэн бодит мэдээлэлийг өгч байгаа эрх мэдэлтэн алга. Үнэхээр 3 захирал маань буруутай юм болов уу гэж бид ч нэг хэсэг эргэлзсэн. Гэхдээ хүн өөрийнхөө үйлээ үзэж босгосон банкаа ингэж нураана гэхээр арай л итгэж чадахгүй байна. Энэ банкинд ажиллаж, энэ захирлуудтай хамт ажиллаж байсны хувьд 3 захирлын талаар хэн нь хэн бэ гэдгийг илүү сайн мэдэх хүмүүс нь энэ банкны ажилтнууд. Банкаа удирдаж байхдаа яаж сэтгэлээ зориулж ажилладаг байсныг нь сайн мэдэх болохоор үнэхээр захирлуудаа буруутгаж чадахгүй байна.
Манай банкинд атаархагчид олон байдаг байх. Жилийн жилд манай банкны талаар элдэв худал цуурхал дэгддэг байсан. Гэсэн ч бид хүмүүсийн яриагаар дампуурдаггүй байсан. Бидэнд ажиллах эрч хүч, урам зориг дүүрэн байдаг байсан. Мэдээж олон хүн ажилладаг том байгууллага, дотор нь янз бүрийн асуудал гардаг л байсан. Гэхдээ л бид гоё хамт олон.
Өнгөрсөн оны 9 сард манай банкийг дампуурлаа зарлахаар болсон гэсэн цуурхал гэнэт дэгдсэн. Бид нарын утсаар, мессенжэрээр энэ асуултын хариуг хайсан хүмүүс зөндөө асуусан. Бид тийм юм хэзээ ч болохгүй гэж итгэлтэйгээр хариулж байсан. Дандаа л ингэж цуурч байдаг юм чинь гээд бид тоогоогүй. Жилийн жилд гардаг цуурхалд нь бид дасал болчихсон байсан.
Цуурхлаас улбаатай хадгаламж эзэмшигчид мөнгөө татаад эхэлсэн. Эхэндээ төлбөрийн чадвар сайн байсан учраас бид асуудал болгож авч хэлэлцээгүй нь буруутсан. Гэвч сарын дотор хадгаламжийн хэмжээ огцом багасаад ирэхэд бид сандарч эхэлсэн. Цуурхал улам хүчтэй газар авч, мөнгөө авах гэсэн хүмүүс улам их ирсэнээр манай үйл ажиллагааг доголдоход хүргэсэн нь үнэн. Гэхдээ энэ үед бид зүгээр суугаагүй. Тэр тусмаа захирлууд маань ч банкаа аврахаар нойр хоолгүй ажиллаж байлаа. Д.Энхтөр захирал маань АНУ-д хийх гэж байсан ажлаа орхиод яаран ирсэн. Банкныхаа үйл ажиллагааг хэвийн болгох гэж ар гэрийнхээ амьдралыг ч золиослон зүтгэж байхыг нь бид нүдээрээ харсан. Яг энэ үед аав нь нас барсан. Тэр хэцүү үед Д.Энхтөр захирал маань банкаа нураахгүйн төлөө, банкныхаа үйл ажиллагааг улам доголдуулахгүйн төлөө нойр хоолгүй ажиллаж, биднийг өдөр бүр зоригжуулан, энэ хямралыг бид давж гарах л болно, эрч хүчтэй ажиллаарай гэж бидэнд урам хайрлаж байсан. Банкныхаа төлөө ингэж зүтгэж байсныг нь сайн мэдэх болохоор энэ хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж хэлж үнэхээр чадахгүй.
Ингэж нойр хоолгүй зүтгэсний эцэст Щвейцариас 100 сая еврогийн хөрөнгө оруулалт орж ирэхээр боллоо гэсэн баярт мэдээгээр биднийг тайвшруулсан. Дараа 7 хоногт мөнгө орж ирэхээр, хэвлэлийн бага хурал зарлана гэсэн мэйл аваад бид ч баярлаж байсан. Гэвч мөнгөө авах гэсэн хадгаламжид эзэмшигчид улам их ирж, харилцагчдын ачаалал улам ихсэж байлаа. Яг энэ үед Монголбанк онц байдал зарласан. Ингээд л Анодын дуулиан гэгч нь дэгдсэн дээ.
Дараа 7 хоногт нь Щвейцариас мөнгөө шилжүүлсэн, дансандаа орсон уу гэж Щвейцарын хөрөнгө оруулагч нь бараг 7 хоног асуусан гэдгийг мэдэж байна. Энэ мөнгө хаана саатаж байгаад буцсаныг мэдэхгүй байна.
Одоогийн байдлаар Дүнжингаравын Наранхүү гэгч этгээдэд өгсөн хэдэн тэрбумын зээлээс үүдэлтэй гэсэн яриа байна. Наранхүү гэгчид зээл өгөх шийдвэр гаргасан захирал нь одоо хилийн чанадад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Дараа нь банк өгсөн зээлээ төл гэж нэхэхэд Наранхүү гэгч ямар муухай авир гаргасныг бид мэднэ. Үүнээс улбаатай манай банкны талаар худал гүтгэлэг газар авсан. Наранхүү гэгчийн ард М.Энхболд байдаг. Энхболдын фракц С.Баярыг гаргаж ирсэн гэх хов жив нь мэдэгдэхгүй мэдээ сонссон. Үнэн байх магадлалтай санагдаад байгаа. Учир нь манай банкны асуудлыг Засгийн газар л шийднэ гэж албаны эх сурвалжууд мэдээлээд байгаа.
Бодит үнэн гэвэл энэ л байна.
Эх сурвалж : http://anodbank.blog.gogo.mn/entry/ff8080811f5d11c2011f5f8d7a8c013f