Үндсэн хөрөнгөндөө гар хүрэхгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах сан гэж үүсгэн байгуулагчид ярьж байна. Олсон ашгийн мөнгөө боловсролыг дэмжихэд бүрэн утгаар нь зарцуулах энэ сан өнөөдөр нээлтээ хийж анхныхаа үйл ажиллагааг эхэллээ. МУИС-ийн биологийн факультетийн дэргэд байгуулагдсан Боловсролыг дэмжих санд 100-150 мянган америк доллар байршуулахаас гадна эхний ээлжинд шилжүүлсэн 10 мянган ам долларыг энэ факультетын оюутнуудад шаардлагатай судалгаа шинжилгээ, гарын авлага, тоног төхөөрөмж авахад зориулах гэнэ. Боловсролыг дэмжих эхний үйл ажиллагаа болгож тус сургуулиас шалгарсан оюутан болох Оюунбилэгийн 2 жилийн магистрын сургалтын төлбөрийг сангийн зүгээс төлөхөөр боллоо.
АНУ-ын Азийн сан болон Тейлорын гэр бүл Монголд анх удаа Эндаумент Чэйр буюу боловсролыг дэмжих санг нээжээ. 100 жилийн өмнө үүссэн энэ сан Олон улсын түвшинд бүх их дээд сургуулиудад байдаг гэнэ. Сургуулиуд энэ сангийн санхүүжилтээр материаллаг баазаа бэхжүүлж , сургалтанд хэрэгцээтэй бүхнээ бусдын тусламжгүйгээр авдаг байна. Биологийн салбарт хөрөнгө мөнгө их шаардагдаж судалгаа шинжилгээний нарийн тоног төхөөрөмж хэрэглэдэг болохоор Их сургуулийн биологийн факульетийн дэргэд байгуулснаа зохион байгуулагчид хэлж байсан. Боловсролыг дэмжиж өргөжин хөгжүүлэхэд хамгийн түрүүнд томоохон үүрэг гүйцэтгэх чадах ийм санг цаашдаа олон байгуулахыг үүсгэн байгуулагчид нь уриалж байсан.