
Монголчуулын олонхийн хувьд ойрын үед хацар нүүр шавхуурдсан цасан болон шороон шуурганаас илүү "Төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувиар бууруулна" гэх Засгийн газрын мэдээлэл биеийг нь арзайлгаж, зүрхийг нь зүсч байх шиг. Учир нь цалингаас цалингийн хооронд байгаа тэдний хувьд удахгүй амьдрал нь улам л дордох боллоо.
Ямартаа ч С.Баярын танхим төрийн албан хаагчдын цалингаа бууруулах замаар төсвийн алдагдлыг багасгах мэргэн санаагаа хэрэгжүүлэх байр суурь дээрээ хатуу зогсч байгаа бололтой. Тиймээс Засгийн газрын хувьд төрийн албан хаагчдыг ажилгүй болгоогүй нь их юм гэсэн шүү утгатай зүйл яриад сууж байна. Тиймээс МҮЭ-ийн холбоо цалин бууруулахын эсрэг ам ангайсан ч эцэстээ тэдний уран илтгэлд уярлаа. Уяраад ч зогсохгүй элдэв жагсаал цуглаан хийхгүй байх сануулга аваад уулзалтыг өндөрлөсөнсөн.
С.Баярын танхимын хувьд 10-13 хувьд хүрээд байгаа төсвийн алдагдлыг ямар ч үнээр хамаагүй буулгаж, зургаан хувьд барихын тулд юу эсийг хийхэд бэлэн болж. Энэ нь төрийн албан хаагчдын цалингаас 100 тэрбумыг хэмнэнэ гэсэн тооцооноос нь харагдаж байна. Гэвч мөнгийг тооцож болно, харин үр дагаварыг тооцоход бэрхтэй. Өөрөөр хэлбэл, цалин бууруулах арга нь 100 тэрбумыг хэмнэснээсээ эс аюулыг дагуулж мэдэхээр байна.
Мэдээжийн хэрэг сардаа 800 гаруй мянган төгрөгийн цалинтай гишүүд, яам агентлагуудын дарга нар цалингийнхаа 30 хувийг суутгууллаа гэхэд хоосон хонохдоо тулах бил үү. Буурууллаа, буурууллаа гэхэд сардаа хагас сая гаруй төгрөг халааслахаар байгаа юм, тэд. Шуудхан хэлэхэд сард хагас сая төгрөг халаасална гэдэг монголдоо бол хоосон хонохооргүй амьдарна гэсэн үг.
Тэгээд ч өчигдөр, өнөөдрийн ч парламентад УИХ-ын гишүүнийхээ цалинг тоож авдаггүй, туслахдаа бэлэглэдэг түшээдүүд бий. Тэгэхээр тэдний хувьд цалингийн 30 хувийг бууруулна гэдэг инээдэм.
Нөгөөтэйгүүр, цалингаасаа өөр орлогогүй төрийн жинхэнэ албан хаагчид хэмнэлт бас дахин хэмнэлт гэсэн уриатай амьдрах нь. Тэднийг давхар ажил хийхийг хуулиар хориглосон байгаа. Тийм дээ ч сардаа хүртдэг хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэхийн тулд муугүй эдийн засагч шиг болсон. Мэдээжийн хэрэг сардаа дунджаар 300 мянган төгрөг халаасалдаг албан хаагчдад 20 хувь гэдэг их мөнгө. Хэрэв Засгийн газрын санал дэмжигдвэл сардаа тэд 220 мянган төгрөг авах нь. Үүнийг өнгөц харахад гайгүй тоо санагдавч, гар дээрээ бүтэн авдаг бил үү. Өнөөх нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар гээд буцаагаад тавиад туух татвар нь даан ч их. Ямар ч байсан тэд гар дээрээ 15 хоногтоо 100 мянга ч хүрэхгүй цалин нэртийг авах нь. Гэтэл сардаа 300 мянга ч хүрдэггүй цалинтай албан хаагчид хэд байгаа билээ. Тэд яаж амьдрах болж байна даа. Естой л цалин буувал хоолтой хонож, бусад цагийг нь мацаг барьж өнгөрөөх үү.
Дээр нь өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтэд шатахууны үнэ оргил цэг дээрээ тулсан тэр үеийнхээрээ байгаа.
Буурлаа гэхэд ганц хоёр зуун төгрөгөөр л буурсан нэртэй. Тэгэхээр цалин буурлаа гээд бараа бүтээгдэхүүний үнэ буурах бил үү. Ерөнхий сайд асан М.Энхболдыг цалин нэмж байх үеийнх шиг бараа бүтээгдэхүүний үнийг тэр хэмжээнд байлгаж чадах бил үү. Хэрэв Засгийн газар нь 1500, литр сүү нь 600, кг гурил 500 төгрөгөөр зарж байсан үеийнх нь хэмжээнд буулгана гэвэл цалинг хасч болох юм. Гэвч өнөөдөр шатахууны үнийг ч олигтой бууруулж чадахгүй байж иймэрхүү зүйл хүснэ гэдэг "Мянгуужингийн үлгэр" болно биз. Үнэ ханш тэнгэрт тулж, доллар нь 2000 мянгад дөхөж байгаа зах зээлийн үед өнөөх амт ч үгүй хамарт ч үгүй цалинг нь бууруулаад амьдарвал амьдар гэж байгааг юу гэж ойлгох вэ. Монгол Улс шиг ард түмнийхээ цалинг бууруулж байгаа улс орон хаана байна даа.
Авлига авцгаа
“Гарьд магнай" кинон дээр сэтгэлтэй бүсгүйг нь богтолж яваа хүмүүсийг Далайцэрэн хөөж гүйцэх үед тэд "Амь амиа бодоорой" хэмээн хашгиралдан тал тал тийшээ нь таран зуттдаг хэсэг бий. Төрийн албан хаагчдын хувьд яг ийм үед иржээ. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй амьдралд нь эс хүрдэг цалинг нь багасгахаар төрийн албан хаагчид авлигаар амиа зогооно.
Хүссэн ч эс хүссэн ч тэд авлигын өмнө өвдөг сөхөрч, алгаа дэвсэх нь. Энэ үед Авлигатай тэмцэх газар ч хүчин мөхөстөх нь гарцаагүй. Мэдээж амьдрахын тулд амь амиа хичээн, амьдралд нэмэртэйг нь бодох бүхий л арга сүвэгчлэхэд хүрнэ. Мөнгөтэй нэгэнд бол хэнийг ч худалдаж авахад улам л амар болох нь.
Халаас нь хоосон, гэдэс нь дундуур байгаа нөхөрт хэд гурван төгрөг сарвайхад л төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй энэ тэрээ юу ч үгүй мартаж орхих бий вий.
Үгүй гэж үү. Саяхан даа саяхан УИХ-ын ээлжит бус чуулган дээр Э.Бат-Үүл гишүүн Ерөнхий сайд С.Баяраас "Яг ийм үед далд эдийн засаг, авлига хүчээ авдаг. Авлига ямар ч нийгмийг нураадаг гэх. Энэ талд дээр Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ" хэмээн ёр мэт асууж байсансан.
Харин Ерөнхий сайд маань "Авлига, далд эдийн засгийн тэлэлтэд бид онцгой анхаарч байгаа. Хямрал хүндрэлийн үед ажлын хариуцлага алдвал бид хатуу ярих болно. Өмнө нь хуваариласан төсвийн зарцуулалтыг өөрчилсөн нөхдөд гурван удаа сануулга өгдөг байсан. Одоо бол нэг сануулаад л тэгээд шүүхийн байгууллага руу шилжүүлнэ" гэх маягийн юм яриад сууж байхсан юм.
Засгийн газрын хувьд авлигад онцгой анхаарч байгаа нь энэ үү гэж асуух үлдэх шив. Нэг талаараа анхаарсан дүр эсгэж, нөгөө талаараа авлигыг дэмжиж, албан хаагчдаа хээл хахуулийн гэмт хэрэг руү түлхэж байгаа юм биш үү. Баригдвал хохь нь, баригдахгүй бол аз чинь гэсэн утгатай юм уу даа. Тэгэхээр угаасаа авлигад торлогдсон монгол хээл хахуулийн торд улам л хэрүүлэх нь. Одоо ч гэсэн төрийн үйлчилгээнд амь бөхтэй байгаа авлигыг тасалж чадаагүй л байгаа. Бүр зарим түшээд шүүгчдийн цалин ийм багатай юм чинь, гаалийнхан ядуу байгаа болохоор л авлига авч байгаа хэмээн зөвтгөж суусан. Эмч, багш нар ч гэсэн өчүүхэн бага цалинтай учир чихэр, сэлт бэлгэнд авах нь байх л хэрэг гэж өмгөөлж байсан, чуулганы танхимаас. Иймэрхүү үгийг тэд цаг сайхан байхад байсхийгээд унагаж, төрийн албан хаагч болоогүйдээ атаархтал эрхлүүлж байсан. Тэгвэл одоо яах бол. Хямралын үед, ард түмнийхээ цалинг хасч болохгүй гэх болов уу эсвэл бүсээ чангалсан дээрээ чангал гэж хэлэх үү.
Дэд сайдуудаас эхлээд илүү орон тоог цөөлье
Нар хэдий хурц байх тусам, сүүдэр нь төдий чинээ их байна гэдэг дээ. Ямар ч байсан төрийн албан хаагчдын цалинг бууруулахын цаад талын сүүдэр зөвхөн авлигаар хэмжигдэхгүй гэдэг нь тодорхой. Цагтаа цалингийн доод хэмжээг 108 мянган төгрөг болгоход хувийн хэвшлийн эзэд дуртай байгаагүй. Учир нь тэд ч бас ажилчдынхаа цалинг буруу харж уйлж, зөв харж инээж байж нэмж байлаа. Харин одоо Засгийн газрын цалин бууруулах саналыг уухайн тас хэрэгжүүлнэ. Тэгээд ч үйлдвэрлэл нь зогсч, бараа бүтээгдэхүүний гүйлгээ багассан энэ үед цалин бууруулна гэдэг аятайхан шалтаг. Тиймээс хийснээрээ авдаг хувийн хэвшлийн салбарт зүтгэгсэд урьдынх шигээ ажиллаад ч одоо авч байгаа цалингийнхаа талыг л авах болох нь. Нэг үгээр хэлбэл, ажлын ачаалал адил ч, авдаг нь багасна гэсэн үг. Өнөөдөр л гэхэд хувийн хэвшлийн эхнээсээ иймэрхүү хэмнэлтэд шилжсэн. Хэн хийсэнд нь биш. Байгаа мөнгөө тэгшитгэж цалинг нь тавьж эхэлжээ. Ямартаа ч нийгмээрээ ядуурах нь. Дунд төвшнийхөн ядуугийн эгнээнд шилжих нь гарцаагүй боллоо. Ядуурал дагаад нийгэмд ямар их сөрөг үр дагавар гардгийг энд бичих нь илүүц биз. Тиймээс С.Баярын танхимын өөрсдөөсөө эхэлсэн цалин бууруулах мэргэн санаа өрөөлийг илүү нэрвэхийг анзаарахыг ч хүсэхгүй байна. Уг нь танхимын тэргүүн Төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ бууруулах хэрэгтэй байна" гэж хэлж байгааг юм гэж ойлгох вэ.
Ядахдаа тэд 30 хувиа хасуулж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд шиг улсаас бэлтгэсэн унаа унаж, гар утасныхаа төлбөрийг төсвөөс гаргуулдаггүй гэдгийг ч тооцмоорсон.
Орлого буурсан нөхцөлд зардал бууруулах нь хууль. Гэхдээ зарлагаа бууруулж байна гээд бүхнийг танаад, хасаад байна гэсэн үг биш юмсан. Хямралыг давах, төсвийн зардлыг бууруулах арга л лав энэ биш. Дэд сайдуудаас эхлээд төрийн алба дахь илүү дутуу сандал суудлыг танах, ажлын давхардлыг арилгах замаар л зарлагаа хэмнэж болох юм. Ийм хэмнэлтийг алга ташин угтаж авах биз, ард түмэн. Юутай ч Ерөнхий сайдын "Манай Засгийн газар энэ хямралын үед юуны өмнө иргэдээ хоол хүнсээр хомсдуулахгүй, ажлын байрны цомхотголд өртүүлэхгүй, банк санхүүгийн тогтолцоог хэвийн болгож, мөнгөний эргэлтийг хурдасгах, дотоодын үйлдвэрлэгчид болон малчиддаа дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахыг чармайж байна" гэх үгийг амьдралд хэр нийцэхийг харж л суухаас...