Манай сонин эрх баригчдад хандан гадаадад байгаа монголчуудынхаа дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү буланг эхлэн хөтөлснөөс багагүй хугацаа өнгөрч байна. Бид хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа ажил, амьдрал, хүсэл мөрөөдлийг дэлхийг хэрсэн аалзны сүлжээг ашиглан сурвалжилж байгаа билээ.
"Нийгмийн толь" сонин үндэсний хэмжээний өдөр тутмын, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлийг голлон ажиллаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас залуусаа гадаадад сурч боловсрох, ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зэрэгт багагүй анхаарал хандуулах болсон. Гэтэл үүнтэй зэрэгцэн гадаадын орнуудад сурч тодорхой хэмжээнд мэдлэг болоод мэргэжлийн туршлага хуримтлуулж амжсан залуус эх орондоо ирэхийг хүсдэг тухайгаа илэрхийлсээр байгаа. Харамсалтай нь ямар улс орон хүлээж байгаа билээ. Хэрхэн угтаж авах бол гэсэн битүүхэн айдас "Хилийн чанад дахь монголчууд"-д байгаа нь нууц биш болсон. Тиймээс тэднийхээ дуу хоолойг эрх бүхий хүмүүст хүргэж санаа бодлыг нь сонсох зорилгоор манай сонин АНУ-д тусгай сурвалжлагчтай болсон юм. Манай сонины Вашингтон дахь сурвалжлагч Гомбосүрэнгийн Галбадрах бичиж байна.
... Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархдаг. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, "чандмань эрдэнэ" гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан бэлчээр, хашаа саравч, худаг ус бэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан мандуулдаг байсан. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө босгон алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УИХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбум төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.
...Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж, цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, "орох орон оочих аягагүй" мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч явна.
Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийн тоглоод, будилаад байгааг ялгаж салгахад бэрх аж. Өдгөө Монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.
"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хувьд анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй зүйл. Монгол оронд төрсөн, иргэн бүрт "нийгмийн халамжийн дугаар" олгож хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чаддаг тогтолцоотой болмоор. Энэ л "нийгмийн халамжийн дугаар"-аар хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчлалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгаагч, эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.
Монгол хүний үнэ цэнэ
Монголчууд бие биенээ сайн муу хэлж, "тамын тогооны үлгэр" байн байн дурсч байвч бусад олон үндэстэнүүдийн адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрэнд зорчиж, "юм үзэж, нүд тайлж" яваа "хуучин Монгол хүү" дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэх "шинэ Монгол хүү" болох цаг ойрхон байна. Бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанараа хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Чухам энэ л бидний бусдаас ялгарах үнэ цэнэ юм шүү дээ.
Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэг арай илүү нь мэдрэгдэнэ. Харин мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэг, авьяастай мөн хаа ч дасан зохицох чадвартай. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрч хатуу бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгддэг.
Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, орон гэрээ буулган ачаалж, буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдад гайхуулдаг. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх арга олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна. Мөн их элгэмсэг хүмүүс Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ахан дүүстээ найрсаг, ахмадыг сонсож, хүндэлдэг уламжлалтай. Аль болохоор тэднийгээ ачилж бас баярлуулахыг хичээдэг. Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг.
Монголчууд их тэмүүлэлтэй, өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд бусдаас дутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдэгээрээ ялгардаг.
Шинэ монгол хүний үнэлэмж
Аль ч улс орны ирээдүйд яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаардаг.
Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг. Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. Ийм нөхцөлд төр "захиалагч", боловсролын салбарын бүх шатны сургуулиуд "гүйцэтгэгч" байх учиртай.
Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг "захиалах" боломжтой вэ.
1. Түүх-хууль эрх зүйн боловсрол
Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдэх, Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.
2.Гоо-сайхны боловсрол
Сонгодог хөгжим, уран зураг, уран зохиолыг сонсож, харж уншиж ойлгох төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн, сайн муу, сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.
3. Хэл-харилцааны боловсрол
Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг, бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар, хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.
4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол
Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар, эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголттой, компьютерийн программууд, интернет ашиглах, алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.
5.Техник-технологийн боловсрол
Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох. Жишээ нь, ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос coрогч, шарах шүүгээ, индүү, цахилгаан зуух гэх мэт/ Мөн техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай, элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.
6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол
Хүний биеийн бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголттой, биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хөдөлгөөний эвсэлд суралцах.
7. Байгаль-экологийн боловсрол
Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалах, газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэгтэй, байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах.
8. Гадаад хэлний боловсрол
Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах тухайн орны түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.
9. Гэр бүл-бэлгийн боловсрол
Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах, хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох. Мөн бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.
Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, бие хүн болон төлөвших учиртай. Хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно. Үүний тулд Монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг "сургаж-хүмүүжүүлэх" гэдэг зорилтыг "хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх" гэдэг ойлголтоор солих болж байна.
Монгол орныг зөв төлөвшсөн иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигг малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс хамаарна. Өдгөө бид өнгө , мөнгөтэй хөөцөлдсөөр монгол хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү. Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй Монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй.