Сайн байцгаануу. Та бүхэнд ирж буй сар шинийн мэндийг эрүүл мэнд, сайн сайхны хамт хүсэн ерөөе. Мөн баярлалаа гэж чангаас чанга хэлмээр байна. Намайг О.Оч гэдэг. Оюунтөгс, Чулуунцэцэг нарын ууган хүү нь юм. Та бүхний сэтгэлийн, залбирлын дэмээр миний ээж хөл дээрээ босч, бидний гэр бүл баяр хөөрөөр дүүрэн байна. Удаан хугацаанд өвчин болон, сэтгэлийн хүнд хэцүү дарамтад байсан ээж минь өнөөдөр, эмчилгээгээ дуусгаад гэртээ харьж байна. Хамгаас хайрт ээж маань, гэр бүл, үр хүүхэд бидэндээ эргэн ирлээ.
Зөвхөн хөрөнгө мөнгөний ч бус, мэдлэг чадвар дутуу байсан биднийг бүх талаар дэмжин туслаж, зоригжуулж ирсэн та бүхэнд ахин дахин баярлалаа. Ах дүү, найз нөхдөөс эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс урмын үг, сэтгэлийн дэм хайрласны ачаар энэ сайхан өдөр тохиож байна.
Би одоогоор оюутан, ухааран таньж мэдээд, түүнийгээ хэрэгжүүлэх нь миний хийх ёстой зүйл гэж боддог. Өнөөдөр сурч мэдэж байгаа бүхнээ, ирээдүйн Монгол орон, та бүхний төлөө зориулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн бие биедээ туслан, хэн хэнийхээ дэмээр амьдрахын утга учир, үнэ цэнийг ойлголоо. Хүмүүс бидний нэгнээ гэсэн сэтгэл ямар их хүчтэйг ухаарлаа. Миний ээж наддаа, дүү нарт минь, аавд маань эргээд ирсэн. Түүнийгээ одоог хүртлэхээс илүүгээр хайрлан, та бүхний итгэлийг алдахгүйгээ амлаж байна. Хайрт аавынхаа хичээл зүтгэл, эмээ нар, ах эгч дүүсийхээ гайхамшигтай сэтгэлийг хараад, маш ихээр догдолж урамшиж байлаа. Бидэнд олдсон бяцхан боломжийг өдий болтол өсгөж тэтгэж ирсэн Бурханд талархая, сэтгэл зүрхээ харамгүй хайрласан та нарыг минь Бурхан ивээх болтугай.