Monday, February 2, 2009

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл: Бакалавр ч үгүй Ц.Нямдоржтой би юм ярихгүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулж дуусаад байгаа юм. Түүний боловсруулсан төсөл батлагдвал “Гурван Доржийн хар хууль” гэгддэг 2002 оны Эрүүгийн хуулийн буруу зөрүү бүхнийг зассан, 300 гаруй зүйлтэй томоохон хууль болох аж.

Дашрамд дурдахад 2002 оны Эрүүгийн хуулийг голлон боловсруулсан Ц.Нямдорж, Эрүүгийн хуулийн шинэ төслийг боловсруулаад байгаа С.Нарангэрэл хоёр үзэл бодлын нэлээд зөрүүтэй хүмүүс. С.Нарангэрэл нэгэнтэй “Хуучин бакалавр Ц.Нямдоржтой би юм ярихгүй” гэсэн бол дараа нь “Хөөрхий муу Ц.Нямдоржийгоо би нэг удаа хуучин бакалавр гээд хэлчихсэн юм. Одоо бодох нь ээ, арай дэндүү өргөчихсөн юм билээ. Бакалавр ч үгүй хүн шүү дээ” хэмээсэн нь сонины шарласан хуудсанд тодхон үлджээ.

-Та Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулсан гэсэн. Яагаад УИХ, холбогдох хууль сахиулах байгууллагуудыг оролцуулалгүйгээр дангаараа хийх болов?

-Би МУИС-д багшилснаас хойш 30 гаруй жил эрүүгийн эрх зүйн хичээл зааж байна. Энэ чиглэлээр дэд доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон ном, сурах бичиг гаргасан. Судалгаа шинжилгээний ажил нэлээд хийсэн. Дэлхий дахины эрүүгийн эрх зүйн онолын үндсэн чиглэл, гадаадын нэлээд орнуудын Эрүүгийн хуулийг судалсан. Эрүүгийн хуулийг амьдралд хэрэглэхтэй холбогдсон албан тушаалыг төв орон нутгийн хууль сахиулах байгууллагад гүйцэтгэж байсан.
Хамгийн гол нь 2002 оны Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн байдалд нэлээд судалгаа хийсэн. 2006 оны үед манай улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа мэргэжлийн хуульчдын дунд тандалтын судалгаа явуулж үзэхэд санал асуулгад оролцсон нийт хуульчдын 49.6 хувь нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэт хатуу, 76,6 хувь нь түүнийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн юм. 2002 оны Эрүүгийн хуулийн төслийг хууль сахиулах дээд болон дунд шатны янз бүрийн албан тушаалтнууд оролцож боловсруулсан. Тэд зөвхөн өөрийн байгууллагынхаа явцуу эрх ашгийг махран хамгаалж, Монгол Улсад эрүүгийн бодлого чухам ямар үзэл баримтлалаар явах шинжлэх ухааны үндэслэлийг орхигдуулсан.

-Таны энэ төсөл УИХ-ын зүгээс дэмжлэг авах болов уу. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлүүлэхгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг?

-Өнөөгийн УИХ-ын гишүүд дунд эрүүл саруул ухаантай, сонгогчид, ард түмнийхээ зовлон шаналлыг мэдэрдэг хүн цөөнгүй байгаа гэж бодож явдаг. Хэрэв ийм гишүүд олонхи байгаа бол төслийн үзэл баримтлал дэмжигдэнэ. Албан тушаал, эрх мэдлээр бүх асуудлыг тодорхойлж шийдвэрлэж болохгүй. Улс орны суурь хуулиуд хүний байгалиас заяасан шинж төрхөд нь суурилж, хэн ч дур зоргоороо болгож болохгүй бодит хүчин зүйлсээр нөхцөлдөж байдгийг энд зориуд тэмдэглэх ёстой.

-Эрүүгийн хуулийг хатуу болгосон эзэн нь таныг гэж УИХ-ын чуулган дээр тэр үед УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж хэлж байсан санагдана?

-2006 онд байна уу даа, УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ц.Нямдорж ийм мэдэгдэл хийснийг тэр үед УИХ-ын гишүүн байсан зарим шавь нар маань надад хэлсэн. Тэгэхээр нь УИХ-ын хуралдааны соронзон бичлэгээс тэр мэдэгдлийг авч өгөөч гэж гуйсан. Үнэхээр ийм мэдэгдэл хийсэн юм билээ. “Эрүүгийн хуулийг хатуу болгосон хүн нь одоо энэ хатуу хууль гэж сурталдаад байгаа С.Нарангэрэл юм шүү дээ” гэж бүр нэрийг минь цохон хэлсэн шүү.

-Ямар үндэслэлээр тэгж хэлсэн юм бол?

-Бүх насаар нь хорих ялыг 1993 онд намайг бий болгосон гэж ярьсан байна лээ. Би УИХ-ын гишүүн байхдаа 1992 оны Монгол Улсын Үндсэн хуультай Эрүүгийн хуулийг нийцүүлэх хуулийн төслийг дангаараа боловсруулан батлуулж байсан. Цаазаар авах ял шийтгүүлээд Ерөнхийлөгчийн зарлигаар амь нь уучлагдсан этгээдийг хугацаагүй хорино. Хэрэв ийм этгээд 30 жилийн дараа нийгэмд аюулгүй болсноо харуулвал суллаж болно гэж заасан юм. Монгол Улсад өнөөг хүртэл бүх насаар хорих ялыг тогтоогоогүй байгаа. Дэлхийн дийлэнх улсуудад бүх насаар хорих ял бий. Энэ нь голчлон цаазаар авах ялыг орлодог.
Мөн 25 жилийн хорих ялыг бий болгосон гэж буруутгасан байна лээ. 1990 оны эх бол Монгол Улс зах зээлийн чөлөөт харилцаанд шилжиж, гадаад ертөнцөд дөнгөж нээлттэй болж байсан үе. Хүн амины санаатай гэмт хэрэг, төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, агаарын хөлөг авч зугтах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймаа, цагдаагийн ажилтны амь биед халдах зэрэг арав гаруй онц хүнд гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдвэл 25 жил хүртэл хорих ялыг шүүх оногдуулж болохоор тогтоосон нь яах аргагүй үнэн. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар хүн амины санаатай гэмт хэрэг, төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах зэрэг онц хүнд гэмт хэргийн 25 жил хорих ялыг 10-15 жилийн хугацаагаар доошлуулсны учрыг би одоо хүртэл бодоод олдоггүй юм.

-Энэ төслийг боловсруулах болсон нь долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой юу?

-Аливаа хүн өөрийнхөө үйлдсэн үйл лайнд тохирсон ял цээрлэл хүртэх нь хүн төрөлхтний жам ёс. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулиар ноцтой хор уршиг бий болгоогүй, хэлбэрийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүс удаан хугацаагаар нийгмээс тусгаарлагдаж эхэлсэн. Энэ үйл явц долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд хэний ч анхаарлыг татахуйцаар илрэн гарсан. Тиймээс нөлөөлсөн гэж үзэж болно.

-Гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн асуудал хамгийн хөндүүр асуудал байдаг. Энэ хуулийн төсөлд хохирогчдын эрх ашгийг хамгаалах асуудал тусгагдсан уу?

-Гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан мөнгө, бусад эд хөрөнгө, эдгээртэй адилтган үзэж болох бусад зүйлийг хурааж авахаар төсөлд заасан байгаа. Энэ хөрөнгөөс юуны өмнө хохирогчид учруулсан хохирлыг төлүүлэхээр тусгасан Торгох ялыг нэмэгдэл ялын шинжтэйгээр хэрэглэж болохоор заасан. Одоогийн хуулиар торгох ялыг зөвхөн үндсэн ялын чанартай хэрэглэдэг. Хэрэв энэ төсөл батлагдвал, жишээлбэл, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулаад шүүх тодорхой хэмжээний мөнгө буюу цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос нь хульд заасан хэмжээгээр улсын санд суутгана. Үүнээс нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх сан бүрдүүлэхээр тооцсон. Одоо бол хохирлоо нөхөн төлөөгүй хүнийг голчлон хорьж байгаа. Ийм хүмүүс шоронд ороод хохирлоо төлж чаддаггүй. Хорих ял улсын эдийн засагт асар их дарамт учруулдаг. Гэмт этгээд хохирлоо төлөхгүй, татвар төлөгчдийн хөрөнгөөр тэжээлгээд сууж байдаг энэ зохисгүй байдлаас гарах арга замыг олохыг бодсон.

-Та 2002 оны Эрүүгийн хуулийг төсөл байхад нь “Монголын нийгмийг шороншуулах хууль болох нь” гэж удаа дараа мэдэгдэж байсан. Тэгэхдээ та Монголын хамгийн нэр хүндтэй хуульч эрдэмтний хувьд энэ хуулийг батлуулахгүй байж болоогүй юм уу?

-Энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэгт гурван cap гаруй ажиллаж, УИХ-ын ХЗБХ-ны гишүүд, ажлын хэсгийнхэнд энэ хуулийн төсөл батлагдснаар нийгэмд үүсч болох олон сөрөг үзэгдлийг ойлгуулах гэж оролдоод талаар болсон. Cap гаруй хугацаанд сууж, энэ хуулийн төслийн шинжлэх ухааны үндэслэлийн талаар санал дүгнэлт бэлтгэж, хоёр ч удаа хүргүүлсэн боловч хүлээж аваагүй.
Бүр сүүлдээ төсөл хэлэлцэж байсан ХЗБХ-ны хуралдаан дээр мэдэгдэл хийж, ажлын хэсгээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэн хуралдааныг орхиж гарсан. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд, олон хоног энэ асуудлаар хуралдсан ХЗБХ-ны хуралдааныг хааж тус байнгын хорооны дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “С.Нарангэрэл өмгөөлөгчийн баахан саналыг хүлээж авсангүй орхигдууллаа шүү. Асуудал үүсвол тэдгээрт өгөх хариултаа бэлдэцгээж байгаарай” гэж хэлснийг хуралдааны тэмдэглэлээс хожим уншсан.

-2002 оны Эрүүгийн хуулийн гол алдааг товчхон хэлэхгүй юу?

-Шүүгчид хахууль авч, ноцтой гэмт хэрэгт ялын бодлогыг үзтэл илэрхий сулруулах явдал өмнө гарч байсан. Түүнийг яаж зогсоох вэ гэсэн арга замыг тодорхойлохдоо УИХ өмнөх Эрүүгийн хуульд байсан ял тэнсэх, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах журмыгхүчингүй болгох арга замыг үр нөлөөтэй гэж үзсэн. Энэ арга зам нь ялимгүй жижиг хэргийн төлөө олон хүнийг хилсдүүлж, хэлмэгдүүлэх аюулыг өөртөө агуулж байсан.
2002 оноос хойш шүүх ял оногдуулах боломжгүй бол эрүүгийн хэрэг дээр хараат бус шударга байдлаа алдаж, зөвхөн Эрүүгийн хуульд заасан ялыг механикаар хуулбарлан бичих байдал руу өөрийн эрхгүй орсон. Энэ ноцтой үр дагаварыг прогнозлож, хатуу сэрэмжлүүлж байсан эрдэмтдийнхээ үзэл бодлыг хэтэрхий үл тоомсорлосон.

-Таны боловруулсан хуулийн төслийн гол үзэл баримтлал юу вэ?

-Тодорхой хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон ялгамжтай, нэг бүрчилсэн, шударга ялыг шүүхээр оногдуулах явдлыг хуулиар нээж өгөх явдал.

-Гадны улсуудын хуулийг хэр судалж, төсөлдөө хэр харгалзаж үзсэн бол?

-Юуны өмнө манай улс эрүү, иргэний зэрэг суурь хуулиа хоёр их хөршийнхөө хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагыг удирдлага болгосон. Манай улсын хууль зүйн тогтолцоо нь их газрын эрх зүйн бүлд хамаардаг. Тиймээс ХБНГУ, Франц зэрэг улсын хуулийг судалсан. АНУ, Англи зэрэг улсуудын эрх зүй нь Англи, Америкын эрх зүйн тогтолцоонд хамаарах бөгөөд тэнд эрүүгийн эрх зүйн цорын ганц эх сурвалж нь Эрүүгийн хууль болдоггүй. Дээд шүүхээс урд нь шийдвэрлэсэн хэргийг хуулийн адил үзэж жишиг болгон хэрэглэдэг.

-Цаазын ялын талаар төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Одоогийн хуулиар долоон гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах боломжтой байгаа. Миний боловсруулсан төсөлд хүндрүүлэх шалтгаантайгаар бусдыг санаатай алах, төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, өөрөөр хэлбэл хүний амь насыг санаатай бусниулсан энэ хоёр хэрэгт цаазаар авах ялыг үргэлжлүүлэн хэвээр хэрэгжүүлэхээр тусгасан. Ер нь цаазаар авах ялын хүрээг хумих, аажмаар цуцлах нь хүний эрхийг дээдэлсэн улсын нэг шалгуур үзүүлэлт болдог. Гадны улсуудаас эдийн засгийн дэмжлэг туслалцаа авахад ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт насанд хүрээгүй олон хүн хорих ял шийтгүүлсэн. Таны боловсруулсан төсөлд энэ асуудлыг яаж тусгасан бэ?

-НҮБ-ын гишүүн улсуудад Эрүүгийн хуульдаа насанд хүрээгүй хүний бие махбод, сэтгэлзүйн онцлогт тохирсон ялыг бий болгох стандартыг тавьдаг юм. Монгол Улс үүнийг биелүүлэхгүй өдий хүрсэн. Төсөлд насанд хүрээгүй хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага ба ялын онцлогийг энэ стандартын дагуу тодорхойлж оруулсан.

-Иргэний боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэж болдог юм уу? Үндсэн хуульд хууль санаачлах эрхийн тухай заасан байдаг шүү дээ?

-Үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад субъект хуулийн төсөл санаачилвал хууль тогтоох ажиллагаа албан ёсоор явагдахгүй холбогдох байгууллагууд албан ёсоор санал ч өгөхгүй. 2008 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөсний дараа Ш.Сайхансамбуу гишүүн надад Эрүүгийн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиар хууль санаачлагч хувь хүнтэй гэрээ байгуулж, хуулийн төсөл боловсруулж болох эрхийг олгосон байдаг. Удаа дараагийн УИХ-д нэлээд олон бизнесмэн орж гарсан даа. Тэдний дундаас нэг нь ч надад Ш.Сайхансамбуу шиг сонгогч ард түмний төлөө ийм санаачлага дэвшүүлэн тавьж байгаагүй юм шүү.

-1500 төгрөг хулгайлаад арван жилийн ял авсан бүсгүйн хэрэг нэг хэсэг их дуулиан дэгдээсэн. Иймэрхүү байдлаар олон жилийн ял авсан хүн цөөнгүй байдаг байх. Ийм тохиолдолд таны боловсруулсан төсөлд яахаар тусгагдсан бэ?

-Энэ бол ганц тэр эмэгтэйд тохиолдсон хэрэг биш. Ер нь өмнө нь ял шийтгүүлээд дахин гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаа хүн болгонд шахам тохиолдож байгаа асуудал. Ийм хүний хэргийг давтан үйлдэл гэж заасан шинжээр шийтгэдэг. Сүүлчийн хэрэг нь ялимгүй жижиг байлаа ч зөвхөн энэ шинжээр ял нь хүндэрдэг учраас шүүх түүнийг удаан хугацаагаар хорих байдалд өөрийн эрхгүй хүрдэг. Энэ алдааг миний төсөлд залруулсан.

-Сая БХНАУ-д меламинтай сүү үйлдвэрлсэн гол хүмүүст цаазаар авах ял оногдуулсан. Гэтэл манай улсад хортой архи үйлдвэрлэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон хүмүүс зарим нь хөнгөн ял авч, зарим нь ял шийтгэл ч хүлээлгүй өнөөг хүрсэн. Энэ нь Эрүүгийн хуульдаа байгаа юм болов уу?

-Өнөөдөр та бидний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдалд маш олон зүйлийн сөрөг хүчин зүйл нөлөөлж, сэтгэлийн маш их дарамттай амьдарч байна. Тухайлбал, хүнсний, бусад бүтээгдэхүүний, орон сууц, барилгын, агаар, байгаль орчны аюулгүй байдал гээд л… Энэ байдлыг харгалзан үзэж иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор төсөлд “Аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, ажил үйлчилгээ гүйцэтгэх, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол” хүлээх ялыг чангатгасан.

-Сүүлийн үед зах зээлийн өрсөлдөөнгүй болж, дэлхийн зах зээлийн үнээс хэт өндөр үнэ тогтоох, энэ нь иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйцээр нөлөөлөх боллоо. Шатахуун, вальютыг дурдаж болно. Энэ байдлыг Эрүүгийн шинэ хуулийн төсөлд харгалзаж үзсэн үү?

-Дангаараа ноёрхсон, хэт өндөр үнэ тогтоосон, зах зээлийг хуваасан, зах зээлд бусдыг орохыг хязгаарласан, нэгдсэн үнэ тогтоох замаар өрсөлдөөнийг хязгаарласан, хориглосон, үгүй болгосноос их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгасан.

-Уян хатан хууль гаргах юм бол хуульчид, тэр дундаа шүүгчид хахууль аваад гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад байх юм биш биз?

-Нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хахууль авах, албан тушаалаа хортойгоор урвуулан ашиглах явдал гарч болохыг үгүйсгэх аргагүй. Ийм тохиолдолд тэд Эрүүгийн хуульд заасны дагуу хатуу цээрлэл хүртэх учиртай. Үүнээс гадна төсөлд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хариуцлагаас хууль бусаар чөлөөлсөн, илт хууль бус шийтгэх тогтоол, шүүхийн бусад актыг зориуд санаатай гаргасан хуульчдад эрүүгийн хатуу ял тогтоосон байгаа.

-Танд ийм хуулийг боловсруулах туршлага хэр бий вэ?

-1984 оны эхээр тэр үеийн Эрүүгийн хуулийг шинэчлэн боловсруулах комиссыг АИХ-ын тэргүүлэгчдийн захирамжаар байгуулж, МУИС-ын багшаар ажиллаж байсан намайг оруулж, жил гаруй хугацаагаар багшийн ажлаас чөлөөлж төсөл дээр суулгасан. Энэ ажлын хэсгийг тэр үеийн 30 шүргэм насны залуу хуульчдаас бүрдүүлж ажиллуулсан. Энэ нь надад Эрүүгийн хуулийн төслийг боловсруулах асар их дадлага туршлага суулгасан гэж би боддог. Энэ ажлын хэсэгт орж ажиллаж байсан залуу хуульчид одоо бүгд манай өмнөө барьдаг нэртэй хуульчид болсон. Тухайлбал, Улсын дээд шүүхийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэн, ҮХЦ-ийн дарга асан, гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан, Хууль зүйн дэд сайд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Рэнцэндорж, ҮХЦ-ийн гишүүн асан, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн сайд асан, академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа, Улсын Ерөнхий Прокурор асан Н.Ганбаяр бид нар нэг баг болж ажиллаж байлаа. Бидний боловсруулсан тэр хууль монголын нийгэмд ямар нэг сөрөг үр дагавар авчраагүй 20 шахам жил тогтвортой үйлчилснээр бид бахархаж явдаг.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны боловсруулсан шинэ Эрүүгийн хуулийн төсөл 300 гаруй зүйлтэй, үнэхээр том хууль юм байна. Бид ганц энэ ярилцлагаар тэр бүхнийг гаргаж тавих боломжгүй юм. Хэрэв манай уншигчид шинэ Эрүүгийн хуулийн төслийг сонирхож, бидэнд асуулт тавьбал та манай уншигчдад болон манай сонинд цаг гаргаарай. Монголын ард түмний төлөө хийж байгаа буянтай үйлсэд тань амжилт хүсье. Таны энэ үйлсийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна.





Дээдсийн хүрээлэн сонин