Манай сурвалжлагч Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/ – ийн Гүйцэтгэх захирал, доктор Л.Энх-Амгалантай уулзаж ярилцсан юм.
- Юуны өмнө байгууллагынхаа талаар товч танилцуулана уу?
- Зах зээлийн эдийн засгийн үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааны гарааны жил болсон 1993 онд " Нягтлан бодох бүртгэлийн тухай " хууль батлагдан, Нягтлан бодох бүртгэлийн Мэргэжлийн зөвлөл байгуулагдаж, мэргэшсэн нягтлан бодогчид бэлтгэгдэн, анхны аудитын байгууллагууд байгуулагдаж байсан юм. Харин мэргэшсэн нягтлан бодогчдын мэргэжлийн байгууллага болох ММНБИ 1996 онд байгуулагдсан. Манай институтын үйл ажиллагааны хүрээ, чиг үүргийг " Аудитын тухай " хуульд тодорхой зааж өгсөн. ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Бид мэргэжлийн сургалт зохион байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа, бүртгэл, аудитын чиглэлээрх эрдэм судлалын ажилд идэвхитэй оролцдог. Одоо манай улсад 2000 орчим мэргэшсэн нягтлан бодогчид бэлтгэгдээд байна. Эдгээр мэргэшсэн нягтлан бодогчид болон 60 орчим хараат бус аудитын байгууллага нь манай Институтын гишүүд юм.
- Мэргэшсэн нягтлан бодогч гэж хэн болох, ямар шалгуураар болдог талаар тайлбарлана уу?
- Их, дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хүн хоёроос доошгүй жил мэргэжлээрээ ажиллаад мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгч болно. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт бол мэргэжлийн амаргүй, хүнд шалгалтуудын нэг. Нягтлан бодох бүртгэлийн онол, дадлага, аудит, хууль, англи хэлний шалгалт өгч тэнцсэн хүмүүст хоёр жилийн хугацаатай мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгож, цаашид 5 жил болон хугацаагүйгээр эрхийг нь сунгадаг. Энэ хугацаанд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтын хөтөлбөрийн дагуу олон төрлийн хичээл судалж мэдлэг, боловсролоо дээшлүүлдэг юм. Мэргэшсэн нягтлан бодогч болсноор томоохон аж ахуйн нэгж байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн албыг удирдах, аудитын үйлчилгээ эрхлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх бололцоотой болдог.
- Саяхан танай институтын Их хурал хуралдсан. Их хурлын талаар товч мэдээлэл өгнө үү?
- Манай институтын эрх барих дээд байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг Их хурал. 1996, 2000, 2004 онд өмнөх Их хурлууд хуралдаж 2008 оны 12 дугаар сард ММНБИ - ийн IV Их хурал хуралдлаа. Бид IV Их хурлаараа өнгөрсөн 4 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилтоо хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмээр 19 гишүүнтэй Удирдах зөвлөл сонгогдон, Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Гүйцэтгэх захирал томилогдон ажлын албаа удирдан ажиллаж байна. Удирдах Зөвлөлөөр баталсан 2008 - 2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гишүүдийн эрх ашгийг хамгаалах, хараат бус аудитын үйл ажиллагааны болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрх сунгах сургалтын чанарыг сайжруулах, санхүү, удирдлагын бүртгэлийн аргачлал, арга зүйг боловсруулан хэрэглээг нэмэгдүүлэх, мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторуудын ёс зүйг сахиулах, Институтын удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, гадаад харилцаагаа улам өргөжүүлж, хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн. Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж багагүй амжилт олсон. Цаашид ч олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болно.
- Байгууллагынхаа гадаад харилцааны талаар ярина уу?
- Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн мэргэжлийн олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, ижил төрлийн институтын үйл ажиллагаанаас суралцах талаар ихээхэн анхаарч ирлээ. ММНБИ нь Нягтлан бодогчдын олон улсын холбооны дэд гишүүн, Ази Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, АСЕАН - ны нягтлан бодогчдын холбооны дэд гишүүн байгууллага юм. Япон, Энэтхэг, Солонгосын мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Цаашид гадаад харилцаагаа өргөжүүлэх, хөгжсөн орнуудын институтын үйл ажиллагаанаас суралцах зүйл их байна.
- Санхүүгийн хямралтай үед мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?
- Нягтлан бодох бүртгэл эдийн засагт зөв мэдээлэл өгөх ёстой. Санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдсэн гэдгийг хараат бус аудиторууд шудрагаар батлах ёстой. Буруу мэдээлэлд үндэслэн гаргасан шийдвэр ямар хохиролтой байдгийг бид бишгүй амсаж байна. Америкийн Энрон компани, Артур Андерсон компанийн хэрэг гээд гадны гашуун туршлагууд ч бий. Саяхны жишээ, Хадгаламж зээлийн хоршоод санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулдаг байсан бол олон хүний хөлсөө дуслуулан байж цуглуулсан мөнгө тоглоомчдын гараар орохгүй, түүнийх нь тодорхой хэсгийг татвар төлөгч бид нуруундаа үүрэхгүй байлаа. Амьдарч буй орчин маань эдийн засаг, санхүү талаасаа хямраад ирэхээр нийт хүмүүст эдийн засгийн, санхүүгийн боловсрол их чухал болж байна. Ухаалаг хэрэглээ, ухаалаг мөнгөний менежмент улс орон, байгууллага, айл гэрт аль алинд нь чухал. Мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд энэ талын мэдлэг, ойлголт сайтай, өөрсдөө үлгэрлэх төдийгүй, бусдад, үйлчлүүлэгчиддээ сайн зөвлөдөг байх учиртай.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Танд болон танай Институтын үйл ажиллагаанд их амжилтыг хүсэн ерөөе.