Saturday, January 31, 2009

Яагаад С.Эрдэнэ гэж …

Журмын нөхдөө шоронд илгээв

Хачин юм бас байх юм. Нийслэлийн Ардчилсан намын дарга, УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан С.Эрдэнийг хилс хэрэгт гүтгэж зургаан жилийн хорих ялаар шийтгэж шоронд хорьцихлоо. Гэтэл түүний хохирогч нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү байх юм. Д.Нямхүү өөрөө нийслэлийн Ардчилсан намын гишүүн гэж байгаа. Нэг зорилготой, нэг үйлсийн төлөө яваа журмын нөхөр нь ийнхүү намынхаа ҮЗХ-ийн гурван гишүүнээ торны цаана хийчихлээ гэсэн үг. Д.Нямхүүгийн С.Эрдэнийг буруутай гэж үзээд хохиролтой гэж үйлдсэн бичигийн уншигч та харж байна. Уг нь Д.Нямхүү сайд эхний удаад С.Эрдэнийг буруугүй гэсэн бичиг үйлдэж шүүхэд өгч л дээ. Гэтэл түүнийг НХХ-ын сайд Т.Ганди, Засгийн газрын гишүүн тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хоёр Ерөнхий сайд С.Баярын өрөөнд дуудаж толгой түрүүгүй загнаж байгаад С.Эрдэнийн эсрэг бичиг хийлгэж шүүхэд хүргүүлжээ. Тэр хоёр ”Чи яахаараа толгой мэдэн ийм бичиг хийж өгдөг юм бэ. Наад бичгээ буцааж өөрчил” хэмээн шахсаар албан бичиг үйлдлүүсэн гэнэ. Тэгээд шүүх хурал дээр Д.Нямхүүгийн бичгийг уншиж сонсогосоноор С.Эрдэнэ болон Ардчилсан намын ҮЗХ-ийн гишүүн Д.Үүрийнтуяа, Н.Лувсандагва нарыг ялласан нь тэр байлаа.

С.Эрдэнэ шоронд орсоноор Н.Баяртсайханы сэтгэл ханах болов уу

УИХ-ын гишүүний суудал үнэхээр үнэтэй ажээ. УИХ-ын 25 дугаар тойрогт МАХН-ааас нэр дэвшсэн Сангийн сайд асан Н.Баяртсайхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр заргалдаж С.Эрдэнэ болон Д.Үүрийнтуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Д.Үүрийнтуяа нь 25 дугаарын тойргийн хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоогоор түүнийг сонгуулийн дүнг санаатайгаар засч будилуулсан хэмээн шүүхээс таван жил нэг сарын хорих ялаар шийтгэчихээд байгаа билээ. Гэвч тэр хэрэг нь үнэхээр хөгжилтэй явдал болжээ. УИХ-ын сонгуулийн дүнг нэгтгэж байх үед СЕХ-ны ажлын албаны ажилтан Оюумаа гэгч эмэгтэй Д.Үүрийнтуяа руу утасдаад “Хөөе бушуухан дүнгээ өг. Сэтгүүлчидэд танилцуулах болчихлоо” гэхэд нь “Манай дүн эцэслэгдэн гараагүй байна аа” гэж. Гэтэл Оюумаа дарга ”Одоо байгаа дүнгээ л өгчих. Дараа нь засаад нэгтгэчихье” гэжээ. Ингээд Д.Үүрийнтуяа “Н.Баяртсайханд 720 саналын хуудас ” гэсэн нооргоо өгчихөж. Тэгээд дараа нь албан ёсны тамга тэмдгээр баталгаажуулсан бичигтээ “Н.Баяртсайхан 823 санал авчээ” гэж бичээд СЕХ”-нд илгээжээ. Гэтэл Н.Баяртсайхан нийт сонгогчдын саналаар өвдөг шороодсоноо мэдэнгүүтээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Миний 823 саналын хуудсыг дарж 720 болгож сонгуулийн дүнг нөхөр Д.Үүрийнтуяа засварласан байна” гээд заргалдчихсан юм билээ. Тэгээд бүр прокурорынхон ” 25 дугаар тойргийн тавдугаар хэсэг дээр С.Эрдэнэд 607 санал өгсөн худлаа. Харин 567 байх ёстой” гээд дахин тоолуултал С.Эрдэнийн 40 саналын хуудсыг нь МАХН-ынхан дарсан нь илэрч 613 болчихсон гэж байгаа. Ингэж С.Эрдэнийг саналын хуудас хуурамчаар нэмж өөртөө ашигтайгаар тоолуулсан хэрэгт буруутгахаар тоолтол харин ч эсрэгээрээ С.Эрдэнийн саналын хуудаснаас заримыг нь тоолохгүй дарсан нь илэрч шившиг болж билээ. Үүндээ ичиж нэрлэхсэн прокурорынхон “Үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй” гээд чимээгүй болцгоосон. Гэтэл өнөөдөр энэ хөгийн үйлдэл дээрээ Д.Үүрийнтуяаг таван жил нэг сар хорих ялаар шийтгэчихэж чадаж байна.

Бас дээрээс нь баянголчуудын саналыг авч сонгогдож УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан С.Эрдэнэ шоронд хоригдчихлоо. Тэгэхээр Н.Баяртсайханы бах нь ханаа болов уу. Ичих ч үгүй УИХ-ын танхимд тангарагаа өргөхөөр инээмсэглэн орж ирэх хэрэг үү. Хоёрын хоёр хүнийг шоронд илгээж, ар гэрийнхнийг нь амьдын хагацалд унаган байж, олон мянган сонгогчдынх нь сонголтыг “Ганцхудаг”-т хорьж байгаад Н.Баяртсайхан УИХ-ын гишүүн болох нь. Яасан ч үнэтэй суудал гээч нь энэ вэ.

Онц их хурлын төлөө

Аливаа намын Нийслэлийн намын хорооны дарга гэдэг бол намын даргын дараагийн албан тушаал гэж үнэлэгддэг. Нийслэлийн Ардчилсан нам гэхэд 25 мянга гаруй гишүүнтэй. С.Эрдэнэ шоронд хоригдсоны дараа Ардчилсан намын мянга мянган гишүүн дургүйцлээ илэрхийлж намын удирдлагуудадаа бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна. Тэд намын дарга Н.Алтанхуягийг огцруулж, Д.Нямхүү сайд тэр хоёрыг Ардчилсан намаас хөөхийг шаардаж эхэлсэн гэнэ. Мөн Ардчилсан намын Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулж Засгийн газраас намаа гаргах талаар санал бодлоо илэрхийлжээ. С.Эрдэнэ яллагдаад гуравхан хонож байхад асар олон гишүүд нам руугаа хандаж байгаагаас үзэхэд Ардчилсан нам нэгэнт бужигнаад эхэлж. Удирлагууд нь ч сандарч яахаа мэдэхгүй дэмий л Нийслэлийн Ардчилсан намынхантайгаа уулзах хүсэлтээ тавьсан аж. С.Эрдэнэ бол Ардчилсан намд үнэ цэнэтэй хүн. Түүнийг зүгээр ч нэг шоронд оруулчихаад тайван амгалан байна гэвэл худлаа. Намынхаа ҮЗХ-г хуралдуулахын тулд хоёрхон хувилбар байдаг аж. Нэгдүгээрт, намын дарга зарлах, хоёрдугаарт ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны нэг дэмжсэн тохиолдолд хуралдах ёстой аж. Тийм болохоор ойрын үед Ардчилсан намын ҮЗХ-г хуралдуулахаар С.Эрдэнийн журмын нөхөд ажиллаж эхэлсэн байна. Тэд намын дарга Н.Алтанхуягтаа итгэж чадахгүй байгаа гэнэ. Учир нь Нийслэлийн Ардчилсан намын даргаа шоронд хийлгэх бичгийг үйлдэхэд “гавъяа” байгуулчихаад намын гишүүдийнхээ өмнө зогсож үг хэлэх нэр нүүр түүнд байхгүй гэж жирийн гишүүд нь ярилцаж байна.

Яагаад С.Эрдэнэ гэж…

Яагаад С.Эрдэнийг сонгон авч шоронд хийх болов оо гэсэн асуулт анхаарал татаж байна. Ардчилсан нам сонгуульд ялагдсан. Гэхдээ энэ ялагдал тэдний хувьд ялалт байж болох байсан. Парламентэд хүчтэй цөөнх байна гэдэг ялсан намаас ч чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл С.Баяр үүнийг айхтар тооцоолж хамтарсан Засгийн газар байгуулахыг хүссэн. Үүнийг нь Ардчилсан намын албан тушаалд дуртай хэсэг нь дуртайяа шүүрэн авч сайдын суудалд заларсан билээ. Уг нь Ардчилсан намын УИХ дахь бүлэгт МоАХ-ын угшилтай гишүүд нийлж намаа Засгийн газарт оруулахгүй байх талаар ажиллаж эхэлсэн боловч төдөлгүй тэднээс хоёр нь сайд болсоноор үйл ажиллагаа нь саармагжиж орхисон юмдаг. Ингээд МоАХ-ын фракц хүчин мөхөсдсөн түүхтэй. Ц.Элбэгдорж үе үе зөрүүдлэх боловч үнэндээ түүний дуу хоолой нэг л бүдгэрээд байх болсон. Хэрвээ С.Эрдэнэ УИХ-д орж ирсэн бол түүний байр суурь илүү тод, үг хэл нь хурц байх байлаа. Өөрөөр хэлбэл тэр МоАХ-ын фракцыг амилуулж тэмцлээ үргэлжүүлэх байв. Тэр хэдийгээр УИХ-д анх удаагаа сонгогдож байгаа боловч ард түмний хувьд хэдийнэ танил болсон капитал байсан юм. Байсан юм гэж одоо ч хэвээрээ. Тийм болохоор С.Эрдэнэ намын Их хурлаа хуралдуулж, Н.Алтанхуягыг огцоруулж, намаа МАХН-тай дэр нэгтгэсэн түүхийн хатуу шоглоомноос гаргаж чадах байлаа. Үүнээс МАХН ч, Ардчилсан намын Алтангадасынхан ч айсан. Тэгээд л С.Эрдэнийг шоронд илгээхийн төлөө аль аль талаасаа хүч хавсарсан болов уу.

Энэ байдал хэнд ашигтай вэ

Мэдээж улстөрчдөд энэ асар их ашигтай. Ардчилсан намыг бужигнуулж хооронд нь байлдуулахнь С.Баярын сонгосон тактик. Тэрбээр хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг дэмжүүлэхээр намынхандаа ухуулахдаа “Ингэж гэмээнэ Ардчилсан намыг цааш нь харуулж чадна” гэж амалсан нь бий. Одоо үнэхээр Ардчилсан намыг үгүй хийхийн даваан дээр байгаа боловч байдал санаанд багтамгүй өөрөөр эргэв. Учир нь Ардчилсан намынхан намаа Засгийн газраас гарахыг шаардаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн өөрийгөө сойж буй Ерөнхий сайд л хамгийн хүнд шархдаж таарна. Засгийн газар огцорч гэмээнэ цорын ганц хохирогч нь С.Баяр л байх вий. Сайд нарын намтарт “төдөөс төдөн онд тийм яамны сайд байсан” гэсэн чимэг зүүгдэх болно. Ардчилсан намынханд “азны л юм”. Харин С.Баярын хувьд л Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөж байхад ийм явдал болвол хор ууснаас өөрцгүй. Харин энэ бүхний цаана хоёрхон хүнд л ямар их ашигтай гэж санана. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Ардчилсан нам дотроо талцаж нэр хүндээ барж, С.Баяр Засгийн газартайгаа огцорч намынх гишүүддээ тал алдах тусмаа тэрбээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөрсөнө. Харин нөгөө нэг хүн нь Н.Баяртсайхан. Тэр УИХ-ын гишүүн болж дахин дөрвөн жил сагсагнах боломжтой болно гэсэн үг.

С.Эрдэнийг ялласан хэргээс ашиг хайгчид иймэрхүү хожоо олж байгаа бол энэ эрсдэл Ардчилсан намд намаа цэвэрлэх боломжийг давхар нээж өгөх шиг боллоо.



http://mrnmgl.blog.gogo.mn/entry/ff8080811f2988f5011f2c69633c00ff